
Японы хойд бүс нутагт Ням гаригт (2025.11.09) 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Улмаар тус бүс нутагт хэсэг хугацаанд цахилгаан тасарч, галт тэрэг саатсан. Одоогийн байдлаар амь нас хохирсон, бэртэж гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, далайн давлагаа газар хөдөлсөн бүс нутагт 20 см хүртэл байсан тул цунамигийн сэрэмжлүүлгийг цуцалсан аж. Газар хөдлөлт Ивате мужийн эрэг орчмын далайн гадаргаас 10 километрийн гүнд, орон нутгийн цагаар 17:00 цагийн орчимд болсон байна. Энэ бүс нутагт байрлах хоёр цөмийн цахилгаан станцад гэмтэл бэртэл, хохирол, асуудал гарсан талаар одоогоор мэдээлэл алга байна. Хойд эрэг дагуу нэг метр хүртэл өндөр цунами үүсэх төлөвтэй байсан бөгөөд анхны газар хөдлөлтөөс хойш нэг цагийн турш анхааруулга хэвээр байв.
"JR East" төмөр замын операторын мэдээлснээр, тус бүс нутагт хурдны галт тэрэгнүүд түр хугацаагаар саатсан. Газар хөдлөлтөөс болж цахилгаан эрчим хүчний хомсдолд хүргэсэн гэж тайлбарлаж байна. Тохоку Шинкансен хэсэг хугацаанд цахилгаангүй болсноос болж Сендай болон Шин-Аомори галт тэрэгний буудлуудын хооронд үйл ажиллагааг түр зогсоосон байна. Гэхдээ нөхцөл байдал эргүүлэн хэвийн болоход асуудал тулгарч байна. Учир нь Ням гаригт болсон газар хөдлөлттэй төстэй, илүү хүчтэй газар хөдлөлд ойрын хэдэн өдөрт тохиолдож болзошгүй байгаа юм.
Тус улсын ерөнхий сайд Санае Такаичи олон нийтийн цахим сүлжээндээ мэдэгдэл гаргаж, хүмүүсийг эрэг орчмоос холдож, тус бүс нутагт гарч болзошгүй чичиргээ, цунамигийн давлагаанаас сэрэмжтэй байхыг уриалав. Газар хөдлөлтийн дараа үүссэн цунамийн давлагаа хэдэн цагийн турш үргэлжилж, цаг хугацааны явцад улам бүр нэмэгдэж болзошгүй байгаа юм. Мэдээллийн дагуу Ивате мужид газар хөдлөлтийн дараах чичиргээ үргэлжилсээр байна.