Натри шохойн цахиурт шил

Натри шохойн цахиурт шил

Уншсан既読Read 7
ТүгээхShare共有する공유하기

Шил бол силикатын холимог (кварцын элс, сод, шохойн чулуу) эрдэс бодисуудыг хайлуулж, хөргөсний үр дүнд үүссэн аморф материал бөгөөд хатуулаг шинж чанарыг агуулсан олон талын хэрэглээтэй материал юм.

Шил нь аморф бүтэцтэй материал тул тогтмол хайлах температургүй бөгөөд дулааны боловсруулалтад оруулснаар аажим зөөлөрч, улмаар урсамтгай шингэн төлөвт шилждэг. Ийм бүтэц, шинж чанараас шалтгаалан шил нь ахуй амьдрал, үйлдвэрлэлийн олон салбарт өргөн хэрэглэгддэг материал юм.

Шилний тунгалаг чанар сайн тул барилгын салбарт нарны гэрэл, энергийг нэвтрүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Мөн хатуу боловч хэврэг, химийн бодисуудад тэсвэртэй зэрэг чухал физик, механик шинж чанаруудыг агуулдаг. Шилний найрлагад хамгийн түгээмэл тохиолдох ислүүд нь SiO₂, Na₂O, CaO, MgO юм. Эдгээр ислийн харьцаа, найрлагаас шалтгаалан шилний шинж чанар өөрчлөгддөг. Жишээлбэл, натрийн исэлтэй калийн ислийг, хар тугалгын исэлтэй CaO, MgO-г хослуулан хэрэглэх нь шилний өнгө, тунгалаг байдал, гэрэл хугалах чадварыг сайжруулдаг.

Шилний найрлагад орж буй түүхий эдийг сайжруулж, орц найрлагыг өөрчлөх замаар тусгай зориулалтын, сайжруулсан шинж чанартай шил гарган авдаг. Ийм төрлийн шилийг иргэний барилга, ахуйн хэрэглээ, компьютерын техник, сансрын технологи зэрэг өндөр шаардлага бүхий салбаруудад ашиглаж байна. Мөн шилэнд дулааны боловсруулалт хийж хатжуулах өнгө саармагжуулах, сийлбэртэй, зурагтай болон гоёлын хэлбэртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Орчин үеийн нано технологийг ашигласнаар дулаан, хүйтнийг үл нэвтрүүлэх шинж чанартай шилэн бүтээгдэхүүн ч бий болжээ.

Шил нь харьцангуй хүнд материалд тооцогддог. Тухайлбал, 1 м² талбайтай 1 мм зузаантай шил ойролцоогоор 2.5 кг, харин 10 мм зузаантай шил 25 кг жинтэй байна. Шилний нягт нь дунджаар 2.2–3.0 г/см³ ба болор шилний хувьд энэ үзүүлэлт нэмэгдэхийн хэрээр гэрлийн хугарал, гялалзалт, гоёмсог үзэмж сайжирдаг.

Шил нь шахалтын хүчинд тэсвэртэй ч цохилт, суналтад тэсвэр муутай тул хэврэг материалд хамаарна. Уян харимхай материал биш тул цохилтод цуурах, хагарах байдлаар хариу үзүүлдэг. Харин химийн урвалд тэсвэртэй бөгөөд ус, ихэнх хүчилд тэсвэртэй боловч хайлуурын хүчилд тэсвэргүй тул уг хүчлийг шилэн дээр хээ, зураг сийлэхэд ашигладаг. 

Шилний тунгалаг чанар: нь гэрлийг шингээх болон нэвтрүүлэх чадвараас хамаардаг бөгөөд ердийн шил 92%-иас ихгүй гэрэл нэвтрүүлдэг.

Шилний дулаан дамжуулалт: Шилний химийн бүтцээс шалтгаалан температур нэмэгдэхэд шилний дулаан дамжуулах чанар нэмэгддэг. Шил  нь бүх материалын  адилаар  дулаан  дамжуулах  чадвартай учраас дулааны алдагдлыг багасгахын тулд шилэн багц дахь шилний тоог нэмэгдүүлэх нь үр ашигтай. Барилгад  модон,  хуванцар,  хөнгөн цагаан  хүрээ  бүхий  цонхнуудыг  2  болон 3  давхар шилтэйгээр үйлдвэрлэж хэрэглэх болсон. Энэ нь агаарын урсгалаар дулаан дамжуулах асуудлыг шийдвэрлэх гол шийдэл болдог.

Барилгын цонх болон шилэн хийцлэлээр алдаж буй нийт дулааны 60-70 гаруй хувь нь инфра улаан туяагаар дамждаг.  Үүнийг аль нэг шилний гадаргууд тусгай бүрхүүл үүсгэснээр бууруулах боломжтой. Тэдгээрийг энерги хэмнэгч шил гэж нэрлэх бөгөөд технологи нь цонхны өртгийг нэмэх ч барилгын ашиглалтын зардлыг бууруулах үр ашигтай.

1.      K - шилэнд  хатуу  бүрхүүл  үүсгэх

2.      I -  шилэнд  зөөлөн  бүрхүүл  үүсгэх  гэсэн  технологийн ялгаатай 2 төрлийн бүрхүүлийг  ашиглаж  байгаа.

Хатуу  бүрхүүл  нь  шилний  энерги  хэмнэх  анхны  технологи  юм. Зөөлөн  бүрхүүл  нь  орчин  үеийн  “Nano” технологи бөгөөд нарийн шат дамжлагаас хамааран үнийн хувьд өндөр байдаг.