
2022 онд Вьетнамын баруун хойд хэсэгт байрлах Сон-Ла мужын Moc Chau гэх бүс нутагт Bach Long Glass Bridge-ийн нээлтийг хийжээ. Нээлтийн ажиллагааг сонирхон цугласан 4,000 гаруй нутгийн иргэд, аялагчид болон салбарын мэргэжилтнүүдэд гүүрийн бат бөх, аюулгүй байдлыг харуулах зорилгоор гүүр дээгүүр жийп автомашин явуулж туршилт хийсэн нь олон хүний сонирхлыг татаж чадсан. Тус гүүр нь 2.4 м-ийн өргөнтэй ба газрын түвшнээс дээш ойролцоогоор 150 м-ийн өндөрт баригдсан байна. Bach Long Glass Bridge нь нэгэн зэрэг 450 хүртэлх хүнийг хүлээн авах /ойролцоогоор 135 тонн/ хүчин чадалтай байна.
Тус гүүр нь шилэн шалны уртаараа 623 м бөгөөд “Guinness World Records”-д бүртгэгдэн, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Үүнээс өмнө Хятад улсын "Zhangjiajie Glass Bridge" нь 430 метрийн шилэн шалтайгаар уг ангилалд тэргүүлж байв.
Bach Long Glass Bridge нь судалгаа шинжилгээ, суурийн ажлаас эхлээд барилгын ажил нь нээлтээ хийх хүртэлх хугацаа ойролцоогоор 2-3 жил үргэлжилсэн бөгөөд тухайн хугацаанд 500-700 орчим инженер, ажилтан гар бие оролцон ажилласан албан бус тоон мэдээлэл байдаг байна.
Дэлхийн хамгийн урт шилэн гүүрийн бүтцийн хувьд аюулгүй байдлыг нэн тэргүүнд харгалзан үзэж шал болон хашлагад олон үет ламинат шил ашигласан бөгөөд шал нь 40-50 мм зузаантай 3 давхар хатжуулсан шил буюу 120-150 мм, хашлага нь 16-24 мм зузаантай 2 давхар хатжуулсан шилнээс бүрдсэн байна.